МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДОЛОО ДАХЬ УДААГИЙН СОНГУУЛИЙН АНХДУГААР ЧУУЛГАНЫ 2016 ОНЫ 7 ДУГААР САРЫН 29-НИЙ НЭГДСЭН ХУРАЛДААНЫ ДЭЛГЭРЭНГҮЙ ТЭМДЭГЛЭЛ

Хамаарах огноо: 2016-07-29 01:00

Монгол Улсын Засгийн газрын гишүүн – Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдыг томилох тухай асуудалд: УИХ-ын Гишүүн Ц.Гарамжав саналаа хэллээ. -За Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад нэр дэвшиж байгаа П.Сэргэлэн танд ажлын амжилт хүсье. Ингээд миний санал бас гишүүдийн саналтай нэлээн хувь нь давхцаж байгаа. Тэгэхээр миний нэг гол санал бол энэ хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний экспортын асуудал Монгол Улсад хамгийн их чухал байгаа гэж бодогдож байгаа.Тэгэхээр Монгол Улс маань сүүлийн үеийн статистик мэдээллээр нийт малын тоо толгой маань 51.9 саяд хүрсэн байгаа. Одоо мал маань ийм өндөр хэмжээний өсөлттэй болсон.Тэгэхээр бид нар хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнийг экспортлох хорио цээрийн шаардлагыг хангаж ажиллахад гол бодлого хэрэгжүүлэх ёстой юм уу даа. Хорио цээрийн шаардлага. Тэгэхээр үүнтэй холбоотойгоор баталгаат стандарт хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг хадгалах, хамгаалах, баталгаат агуулахуудыг бий болгох, стандарт хангасан агуулахуудыг бий болгох хэрэгтэй. Мөн одоо тээвэрлэх ложистик бүтцүүдийн бодлогыг одоо боловсруулж хэрэгжүүлэх хэрэгтэй байна гэж бодож байна. Мөн хөдөө аж ахуйн, мөн одоо манай алслагдсан аймаг, сумдад хөдөө аж ахуйн чөлөөт бүсүүдийг бий болгох хэрэгтэй юм. Энэ чөлөөт бүсүүдэд одоо хөрөнгө оруулах, хөдөө аж ахуйн жижиг, дунд үйлдвэрүүдэд хөрөнгө оруулах ийм бодлогуудад одоо гол анхаарлаа хандуулбал мөн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний экспортын бодлого хэрэгжиж эхлэх юм гэж бодож байна. Хамгийн гол нь бид нар олон жил хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг экспортолно гэж ярьж байгаа боловч өнөөдрийг хүртэл бас энэ бодлого хэрэгжихгүй байгаа нь энэ хорио цээрийн асуудал одоо хөрш орнуудын тавигдаж байгаа хорио цээрийн бодлого дээр хэлэлцэн тохирч чадахгүй байгаа явдал байгаа юм. Энэ дээр гол асуудал анхаарлаа төвлөрүүлж ажиллахыг хүсье. Мөн миний хэлж байгаа энэ хөдөө аж ахуйн чөлөөт бүс, одоо энэ экспортын бодлогыг хэрэгжүүлэх гол цэг болох байх гэж бодож байна. Ингээд таны ажилд амжилт хүсье.

Монгол Улсын Засгийн газрын гишүүн – Барилга, хот байгуулалтын сайдыг томилох тухай асуудалд: УИХ-ын Гишүүн Ц.Гарамжав саналаа хэллээ. Танд ажлын амжилт юуны өмнө хүсье. Ингээд барилгын салбарын бодлогын нэг хэсэг болох үндэсний үйлдвэрлэгчдийн дотоодын зах зээлийг хамгаалах, гадагш гарах валютын урсгалыг бууруулах, ажлын байрыг тогтвортой байлгах зорилгоор импортын тарифын зохицуулалт хийх үе шаттай арга хэмжээг өмнөх жилүүдэд авсаар ирсэн байгаа. Энэ ажлын хүрээнд Засгийн газрын 2015 оны 324 дүгээр тоот тогтоол батлагдаж зарим барилгын бүтээгдэхүүн дээр импортын татварыг 20 хүртэл хувь нэмсэн байгааг одоо мэдэж байгаа байх. Энэ дотор цементийн бүтээгдэхүүн дээр, цемент дээр импортын татварыг 20 хүртэл хувь нэмсэн байгаа. Үүний үр дүнд импортоор орж ирж байгаа цементийг 100 мянга орчим тонноор бууруулж чадсан байгаа. Тэгээд ер нь одоо бид нар эх орондоо арматур хийцээс бусад барилгын гол нэрийн бүтээгдэхүүн болох цемент, тоосго, хөнгөн блок бол ерөнхийдөө дотоодынхоо хэрэгцээг хангах хэмжээнд үйлдвэрлэж байгаа. Тэгэхээр энэ салбарт гол нь одоо сүүлийн үед хэрэглэгдэж байгаа барилгын материалын чанарын асуудал аягүй чухал яригдаж байгаа. Тэгэхээр энэ салбарын барилгын материалын чанарыг ярихаар зэрэг энд одоо бүтээгдэхүүний чанарын асуудлыг хянах лабораторийн шинжилгээ, түүнд тавигдах стандарт, тоног төхөөрөмжүүдийн шинэчлэлд анхаарах шаардлагатай болчихоод байгаа.Тэгээд одоо энэ 2015-2020 он хүртэлх хэмжээнд барилгын материалын чанарт тавигдах лабораторийн чанарыг өргөжүүлэх хөтөлбөр батлагдсан. Үүнийг одоо ажил хэрэг болгох нь зүйтэй байгаа. Ингээд бид нар дотооддоо барилгын материалаа дотоодынхоо хэрэгцээг хангах хэмжээнд дийлэнхи материалаа үйлдвэрлэж байна. Одоо бид нар чанар дээр анхаарал тавих цаг болсон гэдгийг та бас анхаарч ажиллаж энд одоо чиглэх бодлогоо хандуулах нь зүйтэй байна. Ингээд таны цаашдын ажилд амжилт хүсье.

Монгол Улсын Засгийн газрын гишүүн – Эрүүл мэндийн сайдыг томилох тухай асуудалд: УИХ-ын Гишүүн Ц.Гарамжав саналаа хэллээ. - Энэ Эрүүл мэндийн яамны сайдад одоо нэгдүгээрт мэргэжлийн хүн, мөн эмэгтэй хүн дэвшиж байгаад би бас талархалтай хандаж байна. Яагаад гэвэл одоо бид Монголын хүн ам саяхан 3 сая хүрсэн гээд бүгд Монголчууд баяртай байгаа. Гэвч нөгөө талдаа бол бас эх нялхсын эндэгдэл гэдэг нэлээн хүнд асуудал сүүлийн жилүүдэд яригдахгүй бас байгаад байна. Одоо би бас харамсаж явна. За ялангуяа өнгөрсөн жил улс орны хэмжээг хамарсан хавтгайрсан улаан бурхан өвчин гарч одоо эх нялхсын төвүүд хэвтэх ор олдохгүй маш олон нярай хүүхдүүд эндсэнийг бид нар одоо мэдэж байгаа. Ингээд сүүлийн жилүүдийн статистик судалгааны зөвхөн одоо нэг тоо баримтыг авахад 20 хүртэлх насны ээж 100 мянган төрөлт тусмаас 68 хувийн эндэгдэлтэй болсон байх юм. 40-өөс дээш насны төрөлтөд 100 мянган төрөлт тутамд 40-өөс дээш насны ээж 43.0 хувийн эндэгдэлтэй байх юм. Мөн 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл бас нэлээн сэтгэл зовоосон хэмжээнд харагдаж байна. Үүнээс үзэхэд нөгөө бидний өмнө нь хэрэгжиж явсан эрүүл ээжээс эрүүл хүүхэд төрдөг гэсэн бодлого алдагдаж байна. Тэгээд энэ бодлогыг одоо сайжруулах, эх нялхсын төвүүдийн одоо эмчилгээний чанар, орны тоог нэмэгдүүлэх, одоо эх нялхсад үйлчлэх төрөх байруудын, төрөх эмнэлгүүдийг шинээр байгуулахад та одоо ямар бодлого баримталж ажиллах вэ гэдгийг асуумаар байна. Ер нь энэ эх нялхсын төвүүдийн асуудал дээр ард иргэд маш их бухимдалтай байгаа. Энэ өнгөрсөн жилүүдэд асар их хэмжээний бухимдал гарсан. Ялангуяа 2016 онд та энийг өөрөө эмч хүний хувьд мэдэж байгаа байх. За ийм нэг асуудал байна. Дараагийн хэлэх асуудал маань болохоор энэ тэтгэврийн насны хөгшчүүд маань эм ээ авч дийлэхгүй байна. Эмийн үнэ маш өндөр байна гэж. Одоо бид нарын энэ дэвшиж байгаа тойргууд дээр ахмадууд их санал болгож байгаа. Эмийн үнэ өндөр байгаа. Нөгөө талдаа авч ууж байгаа эмүүдийн чанар, стандарт хангахгүй байгаа. Зарим эмийн одоо ямар стандарт, ямар брэндийн эм ороод ирсэн нь мэдэгдэхгүй. Аваад л угаад байдаг угаад байдаг. Үйлчилдэггүй. Монголд зарагдаж байгаа терафлю [Thera Flu] , одоо хажуухан Солонгос Улсаас авчирсан терафлю гэдэг эм хоёрын чанар шал ондоо. Одоо Монголын терафлюыг бараг бүтэн хайрцгийг уугаад тэр ханиад харшил эдгэдэггүй бол одоо Солонгосоос авчирсан терафлю эмийг нэр ширхгийг уугаад харшил ханиад тэр өдөртөө намддаг. Ингэхээр манай улс ямар эм оруулж ирээд байна вэ. Энэний стандарт чанарыг ямар лабораториор шалгаж хянаж, ямар стандартаар нийтийн худалдаанд гаргаж байна вэ гэдгийг одоо хатуу анхаарал тогтоож энийг шалгаж стандартын эмийг худалдаалах цаг болсон байна. За тэгээд дээр нь нэмэх нь саяын хэлсэн тэтгэврийн хөгшдийн эмийн бодлого дээр бас нэг анхаарлаа хандуулмаар байна. Эмийн үнэ өртөг байгаад хөгшид маань эм ээ худалдаж авах чадвар одоо боломж муу байна. За ингээд дараагийн нэг хэлэх санал маань эмнэлгүүд олноор баригдаж байна. Оношлогооны төвүүд бас олноор баригдаж байна. Шинээр тоног төхөөрөмжүүд ихээр орж ирж байна. Орчин үеийн олон улсын стандарт хангасан Эм Эр Ай-нууд, өндөр хэмжээний үнэтэй, олон сая долларын үнэтэй тоног төхөөрөмжүүд орж ирж байна. Олон эмнэлэг сайн тоноглогдож эхэлж байна. Монголд. Гэвч оношилж чаддаггүй байна. Ингэхээр энэ эмчилгээний олон оношлогоотой эмнэлгүүдийн зохион байгуулалт. Ямар эмнэлэг дээр ямар оношлогоогоо хиймээр юм гэж мэргэжилтнүүдийн хуваарилалтыг хиймээр байгаа юм. Бүх эмнэлэг одоо нэг том том тоног төхөөрөмж оруулж ирчихээд бүгдээрээ зэрэг адилхан оношлогоо хийнэ гэхээр мэргэжилтнүүдийн чинь одоо чадавхи хүрэлцэхгүй байна. Үнэндээ. Бэлтгэгдсэн боловсон хүчний цаг хугацааны ч гэсэн хугацаа хүрэлцэхгүй байна. За тэр Эм Эр Ай дээр уншдаг мэргэжилтэн болох гэж бид нарын одоо судалж мэдсэнээр доод тал нь 5-аас 10 жилийн бэлтгэл хийж байж Эм Эр Ай комьютерыг уншиж чаддаг эм нар төрдөг гэж би дуулсан, уншсан.  Зарим ганц жилийн туршлагатай эмч нар маань бүх эмнэлгүүдэд тарсан учраас энэ оношлогоо туйлын буруу явагдаж маш өндөр үнийн эмчилгээний төлбөр авдаг. Оношлогоо буруу гарч байгаа. Ингэхээр энд эмнэлгүүдийн системтэй зохион байгуулалт хэрэгтэй байгаа юм. Ямар эмнэлэг дээр ямар эмч нь оношлох юм. Ямар эмнэлэг дээр ямар бүлгийн өвчнийг одоо үзэх юм. Ийм зохион байгуулалт одоо манай эрүүл мэндийн салбарт хэрэгтэй байх. Тэгэхгүй бол үнэхээр бид нар одоо энэ хичнээн одоо өндөр хүчтэй тоног төхөөрөмж тавиад ч энэ оношлогоогоо хийж чадахгүй байгаа нь сүүлийн үед харагдаж байна. За ингээд ер нь эрүүл мэндийн салбарт нийтийн эрүүл мэндийн боловсрол бас дутагдаад байгаа юм. Энэнээс болж одоо энэ эх нялхсын эндэгдэл бас гарч байна уу? Энийг бас анхааруулж, энэ боловсролыг дээшлүүлэх, хуучин одоо их мэдлэг боловсрол, урьдчилан сэргийлэх янз янзын лекци таниулга их хийдэг байсан шүү дээ. Ингээд таны цаашдын ажилд амжилт хүсье.

Монгол Улсын Засгийн газрын гишүүн – Эрчим хүчний сайдыг томилох тухай асуудалд: УИХ-ын Гишүүн Ц.Гарамжав саналаа хэллээ. - Нэр дэвшигч П.Ганхүүдээ юуны өмнө ажлын амжилт хүсье. Ингээд Монгол Улс маань өнөөдрийг хүртэл эрчим хүчний хомсдолд байсаар байна. Тэгэхээр бид нар энэ хомсдолтой цагт одоо хөгжлийн тухай ярих, дэд бүтцийг бүрэн хөгжүүлэх тухай ярихад үнэхээр хүндрэлтэй байгаа юм. Тэгэхээр энэ эрчим хүчийг бид нар улс эх орноо эрчим хүчээр бүрэн дүүрэн хангахад бид ашиглагдах ёстой байгалийн нөөц, мөн хамгийн чухал одоо хийж чадах дулаан эрчим хүч үйлдвэрлэх үйлдвэрүүд бол усан цахилгаан станцууд байгаа. Энүүгээр бид нар хамгийн эко эрүүл үйлдвэрлэлийг бий болгож чадна. Мөн нарны сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэл. Мөн сүүлийн үед илүүдэл дулаанаас. Үйлдвэрүүдийн илүүдэл дулаанаас эрчим хүчийг үйлдвэрлэж байгаа. Ийм технологийг бол одоо Монгол Улсад нэвтрүүлсэн байгаа. Тэгэхээр энэ эрчим хүчний шинэ технологийг Монгол Улсдаа нэвтрүүлж байгаа үйлдвэр, энэ үйлдвэрлэлийн бодлого дээр дэмжлэг, хөрөнгө оруулалтын бодлогыг дэмжих ийм бодлого бол зайлшгүй хэрэгтэй байгаа юм. Мөн одоо энэ Улаанбаатар хотод маань одоо эрчим хүчинд холбогдоогүй айл өрхүүд маш их олон байна. 8 мянга гаруй айл өрхөөс 6200 нь одоо Сонгинохайрхан дүүрэгт байгаа юм. Зөвхөн Сонгинохайрхан дүүрэг гэхэд л 6200 гаруй айл өрх токгүй. Үнэхээр энэ бол XXI зуунд токгүй айл өрх одоо мэдээллээс тасархай. Мөн дээр нь одоо гэрэл цахилгаангүй ямар хүнд нөхцөлд амьдарч байгааг бид нар ойлгож энэ айл өрхийг ирэх 4 жилд бүрэн дүүрэн цахилгаантай, токтой болгох ийм хүсэлтийг Эрчим хүчний яаманд тавьж байна. Дараагийн нэг асуудал маань энэ ток, цахилгаантай холбоотой, ерөөсөө энэ Улаанбаатар хотын токгүй, гэр хорооллын одоо төлөвлөлтийг дахин хийхдээ энэ эрчим хүчний асуудлыг онцгой шийдэхгүй бол их утааны асуудал энэ эрчим хүчтэй холбоотой. Одоо энэ гэрэл цахилгаангүй, токгүй болоод их хэмжээний түлш, төрөл бүрийн зүйлийг түлснээс болж өвлийн нөхцөлд энэ Улаанбаатар хотын их утаа буюу хорт нөхцөл байдал ихээр үүсч энэ эрчим хүчтэй бас холбоотой байгаа. Тэгэхээр энэ токонд холбогдоогүй айл өрхийг бас токтой, цахилгаантай болгоход нь утааны асуудлыг шийдвэрлэх бас нэг хүчин зүйлс болно гэдгийг хэлмээр байна. Ингээд таны ажилд амжилт хүсье. 


Үүсгэсэн: 2016-09-22 23:42
Мэдээллийг ачааллаж байна ..