2016.08.26-ны Ээлжит бус чуулганы дэлгэрэнгүй тэмдэглэл

Хамаарах огноо: 2016-08-26 01:00

Ц.Гарамжав:  -Засгийн газрын үйл ажиллагааны 2016 оны мөрийн хөтөлбөрийн үйл ажиллагаа, мөрийн хөтөлбөрийг танилцаж сонсож байна. Тэгээд бид нар энэ дээр саналаа хэлэхэд ерөнхийдөө манай намын хөтөлбөрт ч орсон байгаа. Том, жижиг, дунд үйлдвэрүүдийг байгуулж, тэдгээрийг дэмжсэнээр л бид нар ажлын байруудыг бий болгож Засгийн газартаа болоод улс эх орондоо дэм, нэмэр өгөх тийм төсвийг бий болгож чадах юм. Тэгэхээр энэ үйлдвэрүүдийг байгуулахад мэдээж хэрэг хөрөнгө оруулалт хэрэгтэй байгаа. Хөрөнгө оруулалтыг бид нар дотоодын болоод гадаадын эх үүсвэрүүдээс л бий болгож чадна. Тэгэхээр түрүүн Ерөнхий сайд маань хэлсэн, гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжсэн сайн хуультай болсон гэж. Үнэхээр сайн хуультай болсон.

          Гэтэл энэ хуулийг хэрэгжүүлэх, бусад хуультай уялдах арга нь байхгүй байгаа юм. Жишээлбэл, гадаадын хөрөнгө оруулалт дээр улсын үндэсний шинж чанартай, импортыг орлох, мөн салбарыг тэргүүлэх, дэвшилтэт технологийн үйлдвэрүүдийг барьж байгуулсан компаниудыг татвараас чөлөөлж, тэдгээрийн тоног төхөөрөмжийг чөлөөлж орж ирнэ гэж заасан бол Гааль, НӨАТ-ын хууль дээр эсрэгээрээ тэр заалттай уялдахгүй байгаа учраас гадаадын хөрөнгө оруулалт энэ дээр гайхаад, ингээд зогсоод байгаа. Дотоодынх нь ч ялгаагүй. Тэгэхээр хөрөнгө оруулалтын нөхцөлийн хуулиудыг бас Засгийн газар үүнийг эргэж хараад энэ хуулиудын уялдаа холбоог бий болгоод хөрөнгө оруулалтаа чөлөөтэй оруулах нөхцөлийг бий болгож өгөөч ээ гэсэн энэ мөрийн хөтөлбөр дээр оруулах санал байна. Тэгэхгүй бол Гаалийн хууль, НӨАТ-ын хууль, Гадаадын хөрөнгө оруулалтын хуулийн уялдаа байхгүй байгаа шүү. Ийм болохоор хэрэгжихгүй. Гаднын олон компаниуд үүнийг асууж байгаа юм, танай хуулиуд уялдахгүй байна. Дотоодын хөрөнгө оруулагч нар ч энэ дээр их хохирч байна. Энэ, энэ  нь дотоодын маань хөрөнгө оруулагч.

            Жижиг, дунд үйлдвэр дээр манай намын мөрийн хөтөлбөрт байгаа НӨАТ-ын татварыг эргэж харж жижиг, дунд үйлдвэрлэгчдийг дэмжинэ гэсэн ийм заалт орсон байгаа шүү дээ. Үүнийг ойрын үед бид нар судалж НӨАТ-ын хуулийг яг бодитой тийм хэмжээнд нь аваачиж тавих шаардлагатай байгаа.

            Цаашдаа манай улс эх оронд, ер нь бид олон жил ярьсан, хэрэгжихгүй гээд байгаа. Гэтэл хэрэгжих томоохон төслүүд байна. Хар төмөрлөгийг боловсруулах үйлдвэр байна, зэс боловсруулах үйлдвэр байна, газрын тос боловсруулах үйлдвэрүүд байна. Эдгээр маань бүгдээрээ ажлын байрыг мянга, мянгаар нь бий болгох үйлдвэрүүд байгаа. Эдгээр дээр яг түрүүний хууль, эрх зүйн уялдаа, холбоог бий болгосноор дотоод, гадаадын хөрөнгө оруулалт, концессын хөрөнгө оруулалтаар хэрэгжиж болох нөхцөл нь бүрдчихсэн байгаа шүү. Үүнийг манай Засгийн газар бас анхаараад тусгаад өгөөрэй. Яагаад гэвэл өмнөх арван хэдийн жилийн турш судлагдчихсан төслүүд, энэ бүгдээрээ. Тэгээд олон хөрөнгө оруулагчид энэ дээр хөрөнгөө оруулъя гээд санал тавьчихсан байгаа.

 

            Дараагийн нэг хүсэлт бол Барилга, хот байгуулалтын яаманд. Гэр хорооллын дахин төлөвлөлт дээр дэд бүтцийн асуудал байгаа. Үүнийг маш олон иргэд асууж байгаа. Энэ дэд бүтцийг амлачихсан, хэрэгжээгүй. Түүнээс болоод газраа өмчилж чадахгүй иргэд маш олон байгаа. Үүнийг нэг тийш нь болгож шийдэх асуудлыг энэ жилээс эхэлмээр байна. Яг энэ дээр, манай доогуур дулаан явах юм гэсэн, шугам сүлжээ явах юм гэсэн гээд газраа авч чадахгүй, хувийн байшингаа барьж чадахгүй маш олон иргэд жишээлбэл Сонгинохайрхан дүүрэг дээр байдаг юм билээ. Үүнийг энэ жилээс эхлээд шийдвэрлэх арга замыг тусгаж өгье. Энэ бол ядахдаа эрх зүйн орчныг нь бий болгоод төлөвлөлтөд оруулаад өгвөл иргэд бас энд өөрсдийнхөө амьдралыг зохицуулж явах ийм зорилттой байна.

            Дараа нь, эрчим хүчний салбар дээр бас олон нүүрс боловсруулах үйлдвэрүүдийн төсөл байгаа гэж ярьж байгаа. Гэтэл манайх жилдээ 200 сая долларын эрчим хүчийг Хятад улсаас импортолж байна. Тэгэхээр энэ асар том валютын урсгал гадагшаа гарч байна. Үүнийг зогсоох боломж байна шүү дээ. Жишээлбэл, түрүүн Амраа гишүүн ярьж байсан. Өмнөговийн баруун зүгийн нүүрсний 10-н хэдэн уурхай байгаа. Тэд нийлээд дундаа эрчим хүч боловсруулах жижигхэн үйлдвэр барьж болно шүү дээ. Ингээд тэр 200 сая доллараа хэмнээд Монгол руугаа оруулчихъя гэсэн ийм санал бодлоо нийлүүлж ярьдаг юм билээ. Үүнийг бид дэмжих, иймэрхүү төслүүддээ анхаарал өгмөөр байна.

           Эдгээр чинь дунд гэлтгүй нийлсээр байгаад олон, олон ажлын байрыг бий болгоод манай улсын маань, Засгийн газрын мөрийн хөтөлбөрт ч гэсэн хөдлөхөд, амжилттай хэрэгжихэд их тус нэмэр болох юм. Миний санал ийм байна.


Үүсгэсэн: 2016-09-22 23:54
Мэдээллийг ачааллаж байна ..